Хилэнцийн ордны бүсгүй
Би гэдэг хүн олон эмэгтэйд татагдаж байсан ч “Мэдиум” дээр нийтлэл бичитлээ дурлаж байсан удаагүй. Магадгүй тэр бусдаас дэндүү онцгой нэгэн байх. Тайрмал өтгөн үс, цэвэрхэн цагаан шар арьс, зурсан юм шиг хөмсөг, хүсэл тэмүүллээр дүүрэн алаг нүд, дэрвэгэр сормуус, өөрт нь хачин зохисон өндөр шөвгөр хамар, сортгор чих, V-хэлбэрийн шанаа, инээд дагасан бага зэргийн үрчлээ, зузаан ягаан уруул, тэгшхэн цагаан шүд, ялгарсан эгэм, өргөн мөр, өвчүүний дээд хэсгийн бүдэг хар мэнгэ, нүд салгалгүй ширтмээр мөөм, чанга хэвлий, гуалиг бэлхүүс, тэгшхэн урт чийрэг хөл, хөөрхөн хөлийн хуруу гээд л гаднах гоо үзэсгэлэн бол ярих ч юм биш. Дуу хоолой нь ч дундуур сэтгэлийг дүүргэм сайхан. Яг л урласан юм шиг бүсгүй. Зөрөөд өнгөрхөд харахгүй байхын аргагүй бүсгүй.
Гэхдээ дотоод гоо үзэсгэлэн нь илүү сэтгэл булаам. Тэр хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхийн тулд тууштай зүтгэдэг хөдөлмөрч бүсгүй. Жинхэнэ шатаж явдаг дайчин бүсгүй. Мөн өөрийн хүсэж бүй зүйлээ маш тодорхой мэддэг нь түүнийг жинхэнэ эмэгтэй хүн болгодог байж ч мэдэх юм. Гүн хар нүдэнд нь хайртай хүндээ бүхнээ зориулах хоёргүй сэтгэл гэрэлтнэ. Биеэ авч яваа байдал нь түүнийг ихэмсэг харагдуулна гэж жигтэйхэн. Сайхан сэтгэл, тайван байдал нь хамгаас бишрэм. Цээжинд нь нүүрээ наагаад бүхий л зовлонгоо мартмаар, алаг нүдэнд нь орчлон ертөнц багтмаар. Жинхэнэ яруу найраг шиг бүсгүй. Дахиж хаанаас ч оломгүй бүсгүй. Түүнийг зүгээр л хармаар, зүгээр л бодмоор, зүгээр л хайрламаар. Ямар ч шүүмжгүй байгаагаар нь л.
Ажилд хурдан орох юмсан. Анхны цалингаа буухаар цэцэг бариад гүйгээд очих юмсан.
2021.01.12-ны шөнө.